АРД КРЕДИТ ББСБ ХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГААР Ч.ГАНЗОРИГ ТОМИЛОГДЛОО

2022-08-02 16:51

Ард Кредит ББСБ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ийн ээлжит бус хурал 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 77.78 хувийн ирцтэйгээр амжилттай болж өндөрлөлөө.

Хурлаар 2022 оны төсвийн тодотгол болон Компанийн засаглалын кодекстой холбоотой асуудал хэлэлцсэн бөгөөд ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг нь өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт ирүүлснийг хэлэлцэж, ТУЗ-ийн гишүүдийн нийт саналаар үүрэгт ажлаас чөлөөллөө. Тэрээр 2014 онд ТУЗ-ийн даргаар томилогдож 8 жилийн хугацаанд Ард Кредит ББСБ ХК-ийн компанийн засаглалыг бэхжүүлж дараагийн шатанд гаргах, бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн харилцагчдын тоог 1 сая гаруй, хувьцаа эзэмшигчдийн тоог 13,702 хүргэж амжилттай ажилласан юм. 

Тус хурлаар ТУЗ-ийн ердийн гишүүн Чулууны Ганзоригийг хуралд оролцсон нийт гишүүдийн 100 хувийн саналаар Ард Кредит ББСБ ХК-ийн ТУЗ-ийн даргаар сонголоо. Ч.Ганзориг нь Ард Кредит ББСБ ХК-ийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 2013-2019 оны хооронд компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж, Ард Апликэйшныг хэрэглээнд нэвтрүүлэх, IPO хийж нээлттэй хувьцаат компани болох, Fast cash цахим зээлийн үйл ажиллагааг нэвтрүүлэх зэрэг Ард Кредит ББСБ ХК-ийн бизнесийн өнөөгийн үйл ажиллагааг тодорхойлох томоохон амжилтыг бий болгож, гардан гүйцэтгэсэн банк, санхүү, криптогийн салбарт өндөр туршлагатай мэргэшсэн удирдагч бөгөөд цаашид компанийн амжилтыг ахиулж, үйл ажиллагааг дараагийн шатанд гарахад өөрийн хувь нэмрээ оруулж ажиллана гэдэгт итгэлтэй байна.