АРД КРЕДИТ ББСБ ХК 2021 ОНЫ III УЛИРЛЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2021-10-21 17:41

Эрхэм хүндэт хувьцаа эзэмшигч, харилцагч, бизнесийн түншүүд, хамтран ажиллагсад та бүхнийхээ амар мэндийг эрж, Ард Кредит ББСБ ХК 2021 оны III улирлын тайлангаа танилцуулж байгаадаа таатай байна.

Улирлын шинж чанартай эдийн засгийн эрчимжилтийн үе болох III улирлыг Ард Кредитын хамт олон амжилт бүтээлээр дүүрэн үдлээ. Монголын Хөрөнгийн Бирж нь 2021 оны 8 сарын 30-ны өдөр бүртгэлтэй хувьцаат компаниудыг үйл ажиллагаа, ашиг орлого, арилжааны идэвх, компанийн засаглалаар нь эрэмбэлж, үнэт цаасны ангиллыг шинэчлэн тогтооход Ард Кредит ББСБ ХК дээрх үзүүлэлтүүдээр тэргүүлэгч компаниудын эгнээнд багтаж, I ангилалд дэвшин орсон нь тайлант үеийн онцлох амжилтуудын нэг байв. 

 

Дашрамд дурдахад, 2021 оны эхний III улиралд Монголын Хөрөнгийн Бирж дээрх нийт хувьцааны арилжаа өмнөх оны мөн үеэс 5.3 дахин нэмэгдэж, 186.1 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүний 10.3 хувь буюу 19.1 тэрбум төгрөгийн арилжааг Ард Кредит ББСБ ХК-ийн хувьцааны арилжаа дангаараа бүрдүүлж, III улирлын эцэс гэхэд хувьцаа эзэмшигчдийн тоо 13.7 мянгад  хүрээд байна. 

Үндсэн үйл ажиллагааны тухайд, III улиралд санхүү болон зээлийн үзүүлэлтүүдээ тогтмол нэмэгдүүлснээр зээлийн багц 34.2 тэрбум төгрөгт хүрч, 5.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа.

 

Ард Апп хэрэглэгчдийн тоо 1.2 сая давсан нь онцлох үзүүлэлт төдийгүй Ард Аппаар гүйлгээ хийх бүрт олгодог АрдКойны хэмжээг нэмэгдүүлж, 300 төгрөгтэй тэнцэх АрдКойноор урамшуулдаг болов. Мөн Fast Cash зээл авсан харилцагчдыг зээлийн үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх АрдКойноор урамшуулж, тээврийн хэрэгслээ 20% хөнгөлөлттэй даатгуулах эрхтэй болсон нь компанийн зүгээс харилцагчдаа тогтмол урамшуулах ээлжит урамшууллын хөтөлбөр байв.

 

Санхүүгийн салбарт түүчээлэх зорилгынхоо хүрээнд Ард Кредит нь харилцагч, олон нийтэд шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтмол санал болгодог бөгөөд тайлант хугацаанд  анх удаа АрдКойн барьцаалсан зээлийг зах зээлд амжилттай нэвтрүүлэв. Мөн Ард Аппад ХУР системийг нэвтрүүлснээр холбогдох хууль, журмын дагуу харилцагчийг таних, тэдэнд шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа юм. 

Шинэ технологи, санхүүгийн боловсрол, ирээдүйн үнэ цэн, өгөөжийн хослол болгож Ард Кидс Аппыг хүүхдийн хэрэглээнд  нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.  Ард Кидс Апп нь хүүхдийн санхүүгийн анхан шатны бүхий л хэрэгцээг нэг дороос хангаж, Апп хэрэглэгчид нь багаасаа санхүүгийн харилцаанд бие даан оролцож сурах, санхүүгийн боловсролыг цэгцтэй эзэмших зэрэг олон боломжуудыг нээх юм. 


 

Илгээлтийн Эзэд-Санхүүгийн боловсрол түгээх төслийг 21 аймаг, 330 сумдад  хамтран хэрэгжүүлж, 1 тэрбум мод тарих аянд нэгдэж, Цахим Үндэстэн-2021 арга хэмжээнд санхүүгийн дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсан нь олон нийтэд чиглэсэн  онцлох төсөл, хөтөлбөрүүд байв. Мөн Харилцагч нартаа илүү ойр хүрч ажиллахын тулд нийслэлийн төв цэгт байрлах бидний нэрлэж заншсанаар Төв Шууданд цоо шинэ салбараа байгуулж, санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлж эхэллээ. 

 

Бидний хичээл зүтгэл, амжилтыг хуваалцаж ирсэн нийт хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, харилцагч, бизнесийн түншүүд та бүхэндээ талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,

Ард Кредит ББСБ ХК-ийн Гүйцэтгэх Захирал 

Г.Тэлмэн