“Ард Кредит ББСБ ХК”-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал амжилттай болж өндөрлөлөө

2021-05-03 16:07

Жил дамнан үргэлжилсэн “Ковид 19” цар тахлын үед дэлхийн эдийн засаг агшиж, олон мянган компаниуд үүд хаалгаа барьж, тэр хэрээр олон зуун мянган ажилтнууд цомхотголд орсон. Монгол Улсын хувьд ч нөхцөл байдал сайнгүй хэвээр байгаа.

Харин ийм хүнд үед жил дараалан хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тарааж буй компани бол Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн  охин компани болох Ард Кредит ББСБ ХК юм. Тус компани өнгөрөгч 2020 онд 1.092 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан. Энэ жил дахин 1 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тараах таатай мэдээтэйгээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулав. .

Энэ удаагийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал нийгмийн хариуцлагын хүрээнд дохионы хэлмэрчтэй явагдсан юм. Энэ нь Ард Санхүүгийн Нэгдэл өөрийн охин компаниудаараа дамжуулан монголчууд хөрөнгийн зах зээлд олуулаа болох, ашиг хүртэх, дэлхийд гарахыг уриалдаг, түлхдэг том зорилгод хөгжлийн бэрхшээлээс үл хамааран хүн бүр тэгш оролцоотойгоор ирээдүйгээ баталгаажуулах боломжийг бататгасан, нийгмийн сайн сайханд бодитоор оруулж буй  үнэтэй хувь нэмэр байв.

“Ард Кредит ББСБ ХК”-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг хурлыг нээж хэлсэн үгэндээ “ТУЗ-ийн хийдэг гол ажил бол компанийн тасралтгүй үйл ажиллагааг хангахын тулд гүйцэтгэх удирдлагыг томилох, түүний ажилд хяналт тавих, шаардлагатай бол хариуцлага тооцох, шагнаж урамшуулах үндсэн үүрэгтэй. 2019 оны 6 дугаар сараас эхлээд 2020 оны 1 дүгээр сар хүртэл манай компани  Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчтэй ажилласан. Бидний хувьд энэ компанийн үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулах ажлыг багаараа сайн хийсэн гэж дүгнэж байгаа. 2020 онд “Ковид-19”, хөл хорио гээд хүнд хэцүү үед Г.Тэлмэн маань гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд банк санхүүгийн туршлага хуримтлуулах, мэдэхгүй чадахгүй зүйлд нь бид түшиж, дэмжих байдлаар ажиллан гайхамшигтай сайхан үр дүнг гаргаж чадсан. Бид баг байж чадсан. Хүчтэй, Хамтдаа байж чадсаныг цохож хэлье” хэмээв.

Хувьцаа эзэмшигчдийн хурал 86.31 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм. 

Хэлэлцсэн асуудлууд:

  1. Компанийн 2020 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлан
  2. 2020 оны ногдол ашгийн тайлан
  3. Компанийн 2020 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаар ТУЗ-ийн гаргасан дүгнэлт
  4. ТУЗ-ийн гишүүдийг нөхөн сонгох
  5. Компанийн дүрэмд оруулах өөрчлөлт

Ард Кредит ББСБ ХК нь өнгөрсөн онд Монголын Хөрөнгийн Бирж дээрх компаниудаас хамгийн түрүүнд хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараасан компани болжээ. Түүнээс гадна үндсэн үйл ажиллагаа, шинэ төслүүд гээд олон чиглэлд амжилттай ажилласныг хурлын үеэр онцолсон юм. 

Хувьцаа эзэмшигчдийн хурлаас ОНЦЛОХ НЬ:

  1. 2020 оны эцэст нийт харилцагчдын тоо 350,000 байсaн бол 2021 оны 1-р улиралд 1,000,000 харилцагчтай болсон. 
  2. Нийт хувьцаа эзэмшигч өнгөрсөн оны төгсгөлд 2,139 байсан бол он гараад эхний улиралд 4.7 дахин нэмэгдэж 10,071 болжээ. 
  3. Цар тахлын хүнд үед ажилтнуудынхаа тоог цомхотгоогүй, хадгалж чадсан. 
  4. Санхүүжилтийн хэмжээ  38.2 хувиар өсч 2020 онд 15 тэрбум төгрөгт хүрчээ. Харин энэ жилийн 1 дүгээр улирлын байдлаар 18.1 тэрбум төгрөгт хүрсэн.
  5. Нийт хөрөнгө 28.4 хувиар өсч 2020 онд 29.7 тэрбум төгрөг байсан бол энэ оны эхний улиралд 155.4 хувиар өсч, 75.8 тэрбум төгрөгт хүрсэн. 
  6. Зээлийн багц 10.1 хувиар өсч 2020 онд 20.3 тэрбум төгрөгт хүрсэн бол 2021 оны 1-р улиралд 23.7 хувиар өсч 25.1 тэрбумд хүрсэн
  7. Нийт хувьцаа эзэмшигч, харилцагчдадаа 16.5 сая ширхэг АрдКойныг урамшуулалд олгосон. 
  8. Нийт хувьцаа эзэмшигчдэдээ 1 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тараах шийдвэр гаргасан.

2020 он болон 2021 оны I улиралд Ард Кредит ББСБ ХК санхүүгийн олон үзүүлэлтээр амжилттай ажиллажээ. Тус компанийн нэгж хувьцааны үнэ ч энэ улиралд түүхэн дээд үзүүлэлтийг үзүүлснийг  хурлын үеэр онцолсон. Мөн одоо ч нэгж  хувьцааны ханш өсөн нэмэгдсээр байгаа гэнэ.

Ард Кредит ББСБ ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн “2020 он сорилттой жил болж өнгөрсөн. Бид 8 сарын хугацаанд бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Он гараад ч тэр. Тийм учраас харилцагчидтайгаа ойр байх ажлуудыг хийлээ. Тухайлбал, гэрээ баталгаажуулах ажлыг Монгол Шуудан ХК-тай  хамтарч, долоо хоног бүр харилцагчийн цагийг гаргаж, халамжлах бодлого хэрэгжүүллээ. Төлбөрийн чадвар муудсантай холбоотойгоор жижиг дунд бизнесийн зээлийн шимтгэлийг тэг болгосон.

Нөгөө талдаа цар тахал дуусч эдийн засаг сэргэх боломжийг харж урт хугацааны төслүүдээ явуулж эхэлсэн. Тэр хүрээнд Монголбанкны зохицуулалтад орж, цахим мөнгө гаргах, төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг 2020 онд авлаа. Оны төгсгөлд банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шууд сүлжээнд холбогдлоо.  2019 оныхоо үйл ажиллагаа, цэвэр ашигт тулгуурлаж 1.092 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тараасан” хэмээн онцлов. 

Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан ШИЙДВЭР:

  1. Ард Кредит ББСБ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дүгнэсэн 2020 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг батлав.
  2. Ард Кредит ББСБ ХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулан батлав.
  3. Ард Кредит ББСБ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгож батлав.

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн гишүүнээр О.Одбаяр, Х.Батхишиг, Г.Тэлмэн, Хараат бус гишүүнээр Ч.Чинзоригт, Б.Солонго нар сонгогдов.

Хүчтэй.Хамтдаа.