АРД КРЕДИТ НОГДОЛ АШИГ ТАРААНА

2021-02-13 20:30

Хэвлэлийн мэдээ

Улаанбаатар хот, Монгол Улс, 2021-2-13 - Ард Кредит ББСБ ХК (MSE:ADB)-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 2 сарын 11-ний өдрийн хурлаар компанийн 2020 оны цэвэр ашгийн 49.79 хувь буюу 1 тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хувьцаа эзэмшигчдэдээ тараахаар шийдвэрлэлээ. 

Уг шийдвэрийн дагуу нэгж хувьцаанд 3.57 төгрөг оногдох бөгөөд ногдол ашиг тараах бүртгэлийн өдрийг 2021 оны 4 сарын 9-ний өдрөөр тогтоожээ. Энэхүү ногдол ашгийг 2021 оны 6 сарын 30-ны дотор Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвийн дансаар дамжуулж тараах юм.

Өнгөрсөн онд дэлхий нийтийг хамарсан цар тахал, хөл хорио, түүнээс үүдэн бий болсон тодорхойгүй байдал, айдас, эдийн засгийн уналт, бизнесийн орчны мухардал, улс төрийн тогтворгүй орчинд Ард Кредит нь үйл ажиллагаагаа тасралтгүй хэвийн авч явах, учирсан саад бэрхшээлийг даван туулах, боломж болгон хувиргах, амь гарах амаргүй бөгөөд хүндхэн сорилттой нүүр туулсан билээ. Зогсолтгүй явагдсан инноваци, урьтач эрсдэлийн удирдлага, онч технологийн хөрөнгө оруулалтаар зах зээл дээр бид манлайлж ажиллаж чадсан бөгөөд хувьцаа эзэмшигчдийнхээ үнэ цэнийг хамгаалахын зэрэгцээ түүнийг өсгөх нөхцөлийг бүрдүүлснээр амжилт бүтээл дүүрэн жил болж хувирлаа. 

Компанийн голлох бүтээгдэхүүн болох Fast Cash зээлийг хөдөө орон нутагт нэвтрүүлж эхэлснээр санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг орон даяар нэмэгдүүлж, цахим мөнгөөр төлбөрийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг Монголбанкнаас аван АСН+ (Автомат Клиринг Хаус) буюу банкны төлбөр тооцооны системд холбогдож санхүүгийн цогц үйлчилгээг Ард Аппаараа дамжуулан үзүүлж эхэллээ. Монгол Шуудан ХК-тай хамтран EuroGiro хэмээх олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг туршилтын байдлаар зах зээлд нэвтрүүлж эхэлсэн бол гадаадад суугаа Монголчууддаа санхүүгийн бүхий л үйлчилгээнд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран бүрэн дүүрэн оролцох боломжийг нээж эхэлсэн болно. 

2021 онд бид бүтээн бий болгосон бат бэх суурин дээрээ өсөн тэлэх бодлогыг баримтлан ажиллах бөгөөд Ард Холдингсын зүгээс арилжааны банкинд хөрөнгө оруулах ажил үйлсэд гол бөгөөд идэвхтэй байр сууринаас оролцох болно. 

Хувьцаа эзэмшигчид та бүхэн бидэнд итгэл хүлээлгэж, ямагт хамт байсанд талархахын сацуу “Цөөвөр хэмээх Цагаагчин үхэр” жилийн сар шинийн мэндийг хүргэж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Ард Кредит нь Ард Санхүүгийн Нэгдэл (Ард)-ийн хөрөнгө оруулалттай компани юм. Ард нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэйшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти зэрэг компаниуд  багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/ArdCredit/

Утас: +976 77003322

Имэйл: info@ardcredit.com

Вэбсайт: www.ardcredit.com