АРД КРЕДИТ ХК 2021 ОНЫ I УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛЛАА

2021-04-17 14:37

Эрхэм хүндэт хувьцаа эзэмшигчид, харилцагчид, бизнесийн түншүүд хамтран ажиллагсад та бүхнийхээ амар мэндийг эрэхийн зэрэгцээ Ард Кредит ХК 2021 оны I улирлын тайлангаа танилцуулж байгаадаа таатай байна.

Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш санхүүгийн салбарт өнгө нэмж, мянга мянган харилцагч, хувьцаа эзэмшигчдийнхээ итгэл найдвар, бидэнд хүлээлгэсэн үүрэг хариуцлагыг өндөр түвшинд хэрэгжүүлэн ажиллахыг хичээдэг. 

Ард Кредит нь 2011 онд Интергрупп Интернэйшнл ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдаж байсан бол өдгөө Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй, 10 гаруй мянган хувьцаа эзэмшигчтэй томоохон компани болон өргөжөөд байна.

Компанийн 10 жилийн ой тохиож байгаа энэ цаг үед Ард Кредитын (MSE:ADB) нэгж хувьцааны үнэ түүхэн дээд ханш болох 275.06 төгрөгт хүрч, Ард Апп хэрэглэгчдийн тоо 1саяыг давж, нийт зээлийн багц 2020 оны эцсээс 24 хувь өссөнөөр  2.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа.  

Нээлттэй хувьцаат компани болсон  цагаасаа хойш Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индекст жил дараалан  багтаж,  тайлант хугацаанд   9.5 тэрбум төгрөгийн  арилжаа хийгдсэнээр   хувьцаа эзэмшигчдийн тоо  4.5 дахин өсөв.

Шинэ он гарснаар өдөр өдрөөр өсөн нэмэгдэж буй харилцагчдаа халамжлах, тэдгээрийн төлбөрийн чадварт нийцүүлэн зээлийн хүүг бууруулах, зээлийн хэмжээг өсгөх, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй байх зэрэг шат дараалсан алхмуудыг хэрэгжүүлсэн бол хөрөнгө оруулагчдадаа цагаан сарын бэлэг болгон Fast Cash White хэмээх хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнийг хүргэжажиллалаа.   

Ирэх улирлуудад бид харилцагчдадаа зориулан Альфа Мортгейж орон сууцны хөтөлбөр, Автомашин барьцаалсан гибрид зээл, Кредит картын үйлчилгээ зэрэг дараагийн шатны шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэхээр ажиллана. . Эдгээр үйлчилгээ зах зээлд нэвтэрснээр харилцагчид маань илүү таатай нөхцөлөөр амьдралынхаа хэрэгцээ шаардлага, хүсэл,  мөрөөдлөө биелүүлэх боломжтой болно гэдэгт итгэлтэй байна. 

Мөн салбарын бодлогод нөлөөлөх замаар хөгжлийг хамтдаа бүтээлцэх зорилгынхоо хүрээнд Цахим мөнгөний журамд өөрчлөлт оруулах санал хүргүүлж, Монголын Банкны Холбооны албан ёсны гишүүн болж, Монголын Финтекийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж эхэллээ.

Ард Кредитын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2 сарын 11-ний өдрийн  эчнээ  хурлаар 2020 оны нийт ашгийн 48.28 хувь болох 1 тэрбум төгрөг, нэгж хувьцаанд 3.57 төгрөгийг 2021 оны  4 сарын 9-ний өдрөөр тасалбар болгон 2021 оны  6 сарын 30-ны өдөрт багтаан Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвийн дансаар дамжуулж нийт хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хэлбэрээр тараахаар шийдвэрлэсэн билээ. 

Санхүүгийн салбарт түүчээлэх бидний итгэл үнэмшил, алс хэтийн зорилгыг дэмжиж, компанийн ирээдүйн үнэ цэн, өсөлтөд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн нийт хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид, харилцагчид, бизнесийн түншүүд, баг хамт олондоо Ард Кредит ББСБ ХК үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн баярын мэндийг хүргэж, талархал илэрхийлье.

Хүндэтгэсэн,

Ард Кредит ББСБ ХК-ийн Гүйцэтгэх Захирал 

Г.Тэлмэн