АРД КРЕДИТ ХК 2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛЛАА

2021-01-23 16:28

Эрхэм хувьцаа эзэмшигчид, харилцагчид, бизнесийн түнш байгууллагууд болон хамтран ажиллагсад та бүхэндээ Ард Кредит ХК 2020 оны ололт амжилт, ажлын үр дүнгээ тайлагнаж байгаадаа баяртай байна.

2020 он дэлхий дахинд бизнесийн салбарт шинэ хандлага, өөрчлөлтийг  авчирсан онцгой цаг үе байсан бол Ард Кредит хувьцаат компанийн (MSE:ADB) хувьд  дэд бүтэц, төлбөрийн системдээ хөрөнгө оруулалт хийж, санхүүгийн үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлсэн, амжилтаа бататгасан, ирээдүйн үнэ цэнээ өсгөсөн бүтээлч он  цаг байлаа. 

Ард Кредит нь  тайлант хугацаанд 2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтайгаар, 1.5 сая зээлийн хүсэлт хүлээн авснаас  67.7  мянган  зээлдэгчдэд 42.2 тэрбум төгрөгийн зээл олгож ажилласан байна.

Компанийн голлох бүтээгдэхүүнүүдийн нэг болох “Fast Cash” цахим зээлийг хөдөө орон нутагт нэвтрүүлж, цахим мөнгө гаргах, төлбөрийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг Монголбанкнаас авч, АСН+ (Автомат Клиринг Хаус) буюу банкны төлбөр тооцооны системд амжилттай холбогдсон  зэрэг нь 2020 оны онцлох амжилтууд төдийгүй Ард Аппын хагас сая гаруй хэрэглэгчдэдээ зээл авах, үнэт цаасны арилжаанд оролцох, онлайн худалдаа хийх, мөнгө гуйвуулах, төлбөр тооцоо хийх зэрэг үйлчилгээнд нэг дороос хамрагдах илүү өргөн боломжуудыг нээж өгсөн хэрэг байлаа. 

Түүнчлэн, цар тахлын нөлөөллөөр нийгэмд үүссэн хүндрэлийг хамтын хүчээр  даван туулах чин хүслээр харилцагчдынхаа төлбөрийн чадварт нийцүүлж нөхцөл өөрчлөх, санхүүгийн сахилга баттай, хариуцлагатай байсан сайн харилцагчдынхаа зээлийн хүү болон шимтгэлийг бууруулах, боломжит зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, АрдКойн урамшууллын оноог олгох, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжиж зээлийн шимтгэлийг тэглэх зэрэг олон талт арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж, харилцагчидтайгаа тогтмол холбогдож, мэдээлэл зөвлөгөөг шуурхай өгч ажилласан  нь онцгой нөхцөл байдалд компанийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулахаас гадна нийгэм, олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх гэсэн бидний зорилго байлаа.

Эх үүсвэр татан төвлөрүүлэх зорилгоор Япон улсын Крауд Кредит Сантай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2020 онд 1.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хүлээн авсан бол 2.2 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг өөрийн эх үүсвэрээр амжилттай төлж, зах зээлд хаалттай бонд гарган 2 тэрбум төгрөгийг  татан төвлөрүүллээ.

Уламжлалт болон финтек хосолсон нээлттэй компанийн хувьд Ард Кредит нь үйл ажиллагааны цар хүрээгээ үе шаттай өргөжүүлснээр хувьцаа эзэмшигчдийнхээ тоог 2020 онд  2,139-д хүргэж өмнөх оноос  44.4 хувийн өсөлт үзүүлж чадлаа.

2020 онд олон нийтийн сайн сайхан байдалд хувь нэмрээ оруулах зорилгоор “Улаанбаатар-Сонгдо” эмнэлгээс хэрэгжүүлсэн “Зүрх мартахгүй” төсөл, УОК-т дэмжлэг үзүүлэхээр МББСБХ-ноос санаачилсан хандивын аян зэргийг дэмжиж мөнгөн хандив өргөж оролцсон бөгөөд төр засгаас хэрэгжүүлсэн ажлын байрыг цөөлөх бус тогтвортой хадгалах бодлогыг дэмжиж, хэрэгжүүлж ажиллалаа.   

Бүс нутагтаа төдийгүй олон улсын санхүүгийн салбарт түүчээлж ажиллах итгэл үнэмшил, алсын хараатай Ард Кредит ХК-ийн нийт хувьцаа эзэмшигчид, харилцагчид, бизнесийн түншүүд та бүхэнд талархал илэрхийлье. 

Хүндэтгэсэн,

Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн