АРД КРЕДИТ НЬ ЯПОН УЛСЫН КРАУД КРЕДИТ САНГИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙГ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

2020-06-22 10:17

Улаанбаатар хот, 2020 оны 6 сарын 19

Ард Кредит ББСБ ХК нь 2019 оны 2 дугаар сард Япон улсын Крауд Кредит Сан-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, нийт 14 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний санхүүжилтийг үе шаттайгаар хүлээн авч байгаа билээ. Уг хамтран ажиллах санхүүжилтийн гэрээний дагуу бид эхний эргэн төлөлтийг амжилттай гүйцэтгэлээ.

Ард Кредит нь энэхүү санхүүжилтийг хиймэл оюун дээр суурилсан Ард аппликэйшнээр дамжуулан олгож буй бичил зээлийн эх үүсвэртээ зарцуулж, орон нутагт үйлчилгээгээ тэлж, банк санхүүгийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй алслагдмал газарт оршин суугаа иргэдэд хүрч үйлчлэн амжилттай ажиллалаа.

Компанийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн энэ талаар “Дэлхий нийтээр хурдацтай тархаж буй шинэ төрлийн коронавирусийн цар тахлын улмаас үүссэн дэлхийн эдийн засгийн хямралтай энэ хүнд үед Ард Кредит гадны байгууллагаас хүлээн авсан санхүүжилтийг амжилттай эргэн төлсөн нь Япон улсын зах зээлд төдийгүй олон улсын зах зээлд хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн үйл явдал боллоо. Бидэнд итгэл хүлээлгэсээр ирсэн эрхэм хувьцаа эзэмшигчид болон харилцагчид, бизнесийн түнш байгууллагууд, олон улсын хамтрагч байгууллагууд, баг хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье” гэж мэдэгдлээ.

Крауд Кредит Сан нь Япон улсын зах зээлээс крауд фандинг буюу олон нийтээс санхүүжилт татан төвлөрүүлж дэлхийн бусад орнуудын бичил зээл болон лизингийн компаниудад санхүүжилт олгохоос гадна дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч гэх мэт хөгжлийн төслүүдэд мөн дэмжлэг үзүүлэн ажилладаг байгууллага юм.

Ард Кредит нь санхүүгийн салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, зах зээлд манлайлан ажиллах зорилготойгоор анх үүсгэн байгуулагдсан ба 2013 оноос хойш Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хөрөнгө оруулалттайгаа ажиллаж байгаа Монгол Улсын тэргүүлэх банк бус санхүүгийн байгууллагын нэг юм.

Ард Санхүүгийн Нэгдэл нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Ард Апп, Ард Дижитал Банкинг, АрдКойн, АрдКэш нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.
Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:
• MSE: AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн)
• MSE: AIC (05480) Ард Даатгал ХК
• MSE: ADB (05509) Ард Кредит ББСБ ХК
• MSE: MNP (05412) Монгол Шуудан

#StrongerTogether